Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Я.Долгоржавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?
-Миний бие 2004-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх, хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсны хувьд таны асуултанд өөрийнхөө харж буй өнцгөөс хариулъя.
Бүхэл хийгээд хэсгийн учир холбогдлын үүднээс үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх хүрээлэн(институц)-гийн нэг бүрдэл хэсэг нь юм. Улс, ард түмэн, ер нь нийгмийн аливаа бүлгийн өмнө тавигдсан тодорхой зорилтыг хариуцаж үйл ажиллагаагаа зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлэхээр зохион байгуулагдсан бүтцийг манай монголчууд хүрээ, хүрээлэн гэж нэрийдэж байсан нь цэрэг-улс төр, иргэн, шашин-сүм хийдийн түүхээс тодорхой харагддаг. “Монголын нууц товчоо”-нд ч энэ талаар тэмдэглэсэн зүйл бишгүй бий. Иймээс би Ерөнхийлөгчийн институц гэж гадаад үг хэрэглэлгүй, хүрээлэн гэх үг хэрэглэж байгааг минь болгооно биз ээ. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтцийн болоод үйл ажиллагаа (функц)-ны онцлог нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүрээлэнд бүхэлд нь хүлээлгэсэн үүргээс хамаардаг зүйл. Чухам үүгээрээ л Тамгын газрын бүтэц, үйл ажиллагаа нь давхцал хийгээд хийдэлгүй, төрийн бусад байгуулгаас ялгарах учиртай.
Улсын тэргүүнийхээ хувьд Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаа бүхэлдээ дэмжлэг үзүүлдгээрээ онцлог. Үе үеийн Тамгын газар, зөвлөхүүдийн зорилго, чиг үүрэг ижил юм. Зөвлөхүүд хэдийгээр Тамгын газарт харьяалагддаг ч зөвхөн Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй учраас шугаман удирдлагын бүтцэд ордоггүй штаб маягийн бүтэц үүсгэн ажилладаг. Энэ мэтийг зарим хүмүүс анзаардаггүйгээс, таны асуултандаа хөндсөнчлөн “Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодит үйл ажиллагаа” болон түүний талаарх “олон нийтийн санаа бодол” хоёрын хооронд ойлголтын зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ард иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл, мэдээлэл, нийгмийн сүлжээ, албан ба албан бус сургалтын байгууллагаар идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нөгөө талаар, олон түмний зүгээс гарч буй шударга, зөв санал, шүүмжлэлийг Тамгын газар анхаарч, ажилдаа тусгаж байх нь чухал.
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үед тулгарч байсан сорилт, бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулсан түүхүүд, хоёр Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд улиран ажилласан хүний хувьд Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын бодлого, үйл ажиллагааны ялгаатай ба ижил талын тухай бодлоо хуваалцана уу?
-Сорилт, бэрхшээлгүй юм гэж байдаггүй. Их үү, бага уу, хүнд үү хөнгөн үү, хөрөнгө мөнгөний юу, улс төрийн үү, хүн хүчний юу, санаачлагагүй, салан задгайнх уу гэдэгтээ л байдаг. Тэр бүх жишээ, кэйсийг энд яриад яахав дээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын хувьд аль аль нь Тамгын газрын удирдлага, зөвлөхүүдийн орон тоон дээр тухай, тухайн салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн мэдлэг, туршлагатай, тулхтай хүмүүс авч ажиллуулж байсан учраас элдэв сорилт, бэрхшээлд нийгмээ нэг их “сэгсэргээ”, “донсолгоо”-нд оруулаад байлгүй туулсан. Тамгын газар, зөвлөхийн баг ч Ерөнхийлөгчөө улсын тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнх нь хувьд тодотгож ажиллахыг хичээсэн. Хэдийгээр манай Үндсэн хуулинд “төрийн тэргүүн” гэх томъёол бий ч улсаа тэргүүлж буй Ерөнхийлөгч юу юунаас урьд, Statehood (а\улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, б\ард түмний эв нэгдэл,эх оронч үзэл, в\Бүрэн эрхт байдал, г\засаг төрийн тогтолцоондоо анхаарал хандуулж ажиллах) гэх ойлголтын агуулгыг бүрдүүлж байдаг учиртай. Дээр нэр дурьдсан хоёр Ерөнхийлөгчийн үед statehood-тэй холбоотой хийдэл доголдол, хэрүүл маргаан гараагүй, харин ч бэхжих, батжих талдаа байсан. Үүнд зөвлөхүүдийн зүгээс зөвлөж Ерөнхийлөгчийн хүрээлэн \институц\-гээс хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь тодорхой. Бодлого, үйл ажиллагааны хувьд хоёр Ерөнхийлөгчид ижил зүйл байлгүй яахав, нэг л ижил хууль, эрх зүйн орчинд ажиллаж байсан юм чинь. Гэхдээ цаг үе, улс төр, нийгэм-эдийн засаг, гадаад орчин, эрэлт хэрэгцээ нь өөр болохоор ялгаатай зүйл гарах нь ойлгомжтой. Угаас “Нэг голын усанд хоёр дахин орж болдоггүй” гэдэг биз дээ. Тухайлбал, даяаршлыг хэт туйлчлан үзэх хандлага илт мэдрэгдээд ирсэн үед Ерөнхийлөгч Н.Багабанди үндэсний онцлог, ард түмнийхээ нийтлэг үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх талаар тусгайлан анхаарч морин хуураа дээдлэх, монгол сурын харвааг хөгжүүлэх, эзэн Чингис хааны одон бий болгох, ”Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх, монгол бичиг болон эх оронч үзлийн талаар цуврал зарлиг гарган ард түмнийхээ дунд түгээн дэлгэрүүлэхэд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь ард түмнийхээ талархлыг хүлээж эдүгээ ч түүний нэртэй холбогдон яригддаг. Залгамж чанар байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд Монгол Улс даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх зарлиг гаргасныг биечлэн хэрэгжүүлэх үйлс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед тохиож их ажил өрнөж, Засгийн газрын ордны өргөтгөл баригдаж эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэж, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг бүтээж УИХ энэ ойд зориулж Хүндэтгэлийн чуулган чуулж, Ерөнхийлөгч утга төгөлдөр илтгэл тавин ард түмэндээ хүргэсэн нь үүний нэг нотолгоо юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр улсын тэргүүн дипломатын хувьд санаачилга гарган АНУ, ОХУ, АБН Египет Улс зэрэг дэлхийн олон улсын төр засгийн газрын тэргүүн хийгээд алдар суу нь бөмбөрцгийн хэмжээнд түгсэн эрхмүүдэд хандан Их Монгол Улсын түүхэн ойтой холбогдуулж санал, сэтгэгдэлээ илэрхийлэхийг хүсч дипломат шугамаар шаргуу ажилласны хүчинд “ИХ МОНГОЛ УЛС-800” гэдэг ном бүтсэн. Энэ бол орчин цагт улсынхаа бүрэн эрхт байдал, их түүхийг дэлхий нийтээр өвөрмөц маягаар давтан хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг болсон билээ. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын хооронд залгамж холбоо байхыг бэлгэдэж, бас сануулж Н.Багабанди Ерөнхийлөгч Чингис хааны одонгоор анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг шагнах зарлиг гаргаад шинээр сонгогдсон гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг одонг түүнд гардуулахаар зохицуулж байсан түүх бий.
–Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд оруулсан хувь нэмэр хийгээд таны үед ЕТГ-ын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны агуулгаар баяжуулж байсан талаар дурсамжаа хуваалцаач?
-Биднийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхийн багт ажиллаж байх үеийн нэг онцлог бол аливаа тулгамдсан асуудалд аль болохоор олон түмний санаа бодлыг сонсох, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллахыг чухалчилдаг байлаа. Иймээс ч үе үе томоохон хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байсан. Тэдгээр хуралд анхны Ерөнхийлөгч \өөрөө ч бас эрдэмтэн хүн юм\ П.Очирбат, хуульч Б.Чимид, Г.Совд нараас аваад Л.Түдэв, Ш.Бираа тэргүүтэй нэрт эрдэмтэд идэвхтэй оролцоно. Тухайлбал, “Үндсэн хууль ба ардчилсан эрхзүйт төр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр Үндсэн хуулийг шинэчлэх, “дордуулсан долоон өөрчлөлтийг засах” гэх мэт саналууд анхлан нухацтай хэлцэгдэж байсныг санаж байна.
Миний тухайд онцгойлж хэлээд байх юу байхав. Монгол Улсынхаа хоёр ч Ерөнхийлөгчийн багт Б.Батхишиг, Т.Билэгт, Ц.Дашзэвэг, Д.Цогтсайхан, Г.Баясгалан Д.Готов, Л.Лхагва, Б.Намхайжанцан, Д.Нэргүй Б.Очирбат, Б.Чойжилсүрэн нарын олон сайхан нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн ажиллаж, хажуугийн хамжаа, дэргэдийн дэмжээ болж явсандаа сэтгэл хангалуун байдаг.
–Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үздэг вэ. Танд нэмж тэмдэглэн хэлэх зүйл байна уу. Санал сэтгэгдлээ хуваалцана уу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид байнга сайжруулж ажиллах хэрэгцээ, арга механизмыг ирээдүйтэй залуу, залгамж үе маань харж байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхдээ, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилттай” гэсэн ухаантай үг байдгийг санах нь чухал. Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тэмдэглэж байна. Хойших мөрөө арай холхон харвал Их Монгол Улсын тэргүүний институц, Тамгын газар одоохондоо тод харагддаггүй юм аа гэхэд нэгэн үе Монгол Улсаа тэргүүлж явсан Богд Жибзундамба хутагтын хүрээлэн(институц) харагдаж л байгаа. Хэдийгээр Богд хаан маань хутагтын дүртэй ч улсынхаа улс төрхт төлөв байдал(statehood)-ыг хадгалж бэхжүүлэхийн тулд шаардлагатай үед бүхнийг хийхэд бэлэн, тэр бүү хэл, таван замаар, түмэн цэрэг хөдөлгөж явсан түүхтэй хүн шүү дээ. Үүнийг дурдсаны учир нь улсын тэргүүний институцийн хөгжлийн түүхийг цаг хугацааны хувьд ч орон зай, агуулга, багтаамжийн хувьд ч илүү өргөн хүрээнд судлан үзэж сургамж ухаарал авах хэрэгтэй.