Автобусанд болсон өвгөн, залуу бүсгүй хоёрын маргаан сошиалыг нэг өдөр “баясгав”. Хүмүүс чухам л амттай чихэр харсан хүүхэд аятай ухаан мэдрэлгүй хэл амаа билүүдэн шаагицгаалаа.
Зарим сайтууд өвгөнийг илэрхий буруутгасан хандлагаар нийтлэл оруулжээ. Доорх коммент нь авах юм алга. “Тэнэг егзөр өвгөн хурдан далд ор, хүнд битгий гай бол” л гэнэ. “Аятайхан гуйсан бол охин босоод өгөх байсан л” гэнэ.” Төгцгүүд ид ажил цуглах оргил цагаар үлийгээ хийж автобусаар явдий” л гэнэ…
Өөрсдөө аавгүй, өвөөгүй хүмүүс үү? Өөрсдөө хөгшрөхгүй мөнхийн залуугаараа байх уу? Сошиалын “од” болоод байгаа өвгөн дор хаяж 80 настай хүн шиг байсан. Өндөр настай хүмүүсийн эрч хүч, биеийн ерөнхий шинж яаж залуу хүнийг гүйцэх юм бэ? Автобусанд зогсоод явах чадал хөл гар муутай тэдэнд байхгүй. Мах ачсан юм шиг давхидаг жолооч нарын ширүүн авирыг даахгүй. Өтөл настай хүнд мэдээж хууч өвчин байгаа. Түүнээсээ болоод уурлаж бухимдахдаа цаг үргэлж бэлэн байдаг. Хэн нэгнээс жижигхэн сайхан хандлага үзүүлэхэд хүүхэд аятай баярладаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүй нь маш эмзэг болчихдог. Гэнэтийн сөрөг хандлагаас болж цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл байнга дагаж явдаг. Ахмад хүнийг уурлуулах биш өөрсдөө ухасхийн босоод түшээд суулгахад залуучуудаас юу уначих гээд байдаг юм бэ? Өөрсдийнхөө аав, өвөөтэй адилтгаж бодож болно шүү дээ. Залуу хүн настайчуудад суудал тавьж өгөх албагүй, тийм хууль дүрэм байхгүй гэдэг өнцгөөр зарим сэтгүүлчид асуудалд хандаж байна. Гэхдээ насыг нь хүндлээд босч өгөх ёс суртахуун, хүн чанарын үүрэгтэй. Ахмадуудын энэ улсад байгуулсан гавьяаг ярих юм бол ёстой л далай шүү дээ.
Нэлээд хэдэн жилийн өмнөх автобусанд болсон явдал санаанаас огт гардаггүй юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн бололтой хөвгүүд, охид автобусанд шаагилдана. Нэгэн настай хүн орж ирээд “Өвөөдөө суудал тавиад өгөөч” гэж учирлавал хүүхдүүдийн нэг нь шуудхан чадахгүй гэдэг байгаа. Өвгөн ч дүрсхийн уурлаж “Би та нарыг бодвол 75 настай хүн” гэвэл суудалдаа тухалсан нөгөө банди “Үхдэггүй ээ” гэж доогтойхон хэлбэл бүгд бахтай нь аргагүй тачигнатал инээлдэж билээ. Тэр үеэс л эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарахаа больж дээ гэж бодох болсон юм. Намайг бага байхад л ахмад настнаа хүндлэхгүй, үгийг нь авдаггүй хүн хэзээ ч олигтой хүн болдоггүй гэж хүн болгон захиж сургадаг байсан юм даа.
…You tube сайтад тавигдсан багш, шавь хоёрын зодооныг цөөнгүй хүн үзсэн юм билээ. Багш бүсгүй нь нэгэн эмэгтэй шавиа загнаж гарлаа. Өөрийг нь хүндэлсэнгүй гэж уурссан бололтой юм. Нөгөөх нь ойлгох нь битгий хэл урдаас нь том дуугаар хэрэлдэж, түүгээр ч барахгүй багшийнхаа үс гэзэгнээс зулгааж байх юм. Сурагчтайгаа зүй бусаар харилцсан багшийн буруу байж болно. Гэхдээ сурагч хүн түүнээс дор авир гаргаж болно гэж үү?
Уг нь монголчууд бид зан суртахууны асар баялаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Хүүхэд багачууд ахмад настны дэргэд хашгирч орилж, хараал хэлэх нь битгий хэл хамаагүй хөдөлгөөн хийх цээртэй байлаа. Залуучууд ч гэсэн өөрөөсөө ахмад хүнээ тохойноос нь өргөн хүндэлж, эвгүйхэн харах вий гэхээс эмээдэг байсан юм.
Ахмад, эгчмэд хүмүүстэй хэрэлдэж муудалцахыг ёс суртахууны том доройтол гэж үздэг байлаа. Бусад үндэстнээс ялгарах тэр сайхан онцлог шинжээ амархан алдмааргүй байна! Ер нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт ардын уламжлалт ёс заншилтай холбоотой хичээлийг зориуд бодлогоор оруулах цаг болжээ. Монголчууд яагаад өөрсдийнхөө үнэт зүйлийг дорд үзэж, үл тоодог болчихсон юм бэ? Манай уламжлал бол Монгол Улсын тусгаар тогнолын нэгэн илэрхийлэл, бусад үндэстнээс ялгарах онцлог шинж, давуу тал биз дээ?.
Жич: Өвгөний уурандаа хэлсэн бүдүүлэг үгийг зөвтгөөгүй болно.
Д.Лхагва