Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.20/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн алслагдмал аймгуудын хөгжил, дэд бүтцийн асуудлаар ярьж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Баян-Өлгий аймгийн иргэн Орасхан:
“…Хамгийн түрүүний асуудал бол боловсрол, эрүүл мэндийн салбар. Боловсролын салбар ерөөсөө шалан дээр унасан шүү дээ. Шаварт суусан байшинтай адилхан байгаа. Баян-Өлгий аймаг 21 дүгээр байранд орсон байна. Бид нар тийм үг дуулдаг шүү дээ. Асуудал боловсон хүчин байхгүй дээ биш ээ, бидэнд боловсон хүчин байна. Мэдлэг, боловсролтой залуучууд байна. Ганцхан харамсалтай зүйл нь ашиг сонирхол. Манай Баян-Өлгий ашиг сонирхол нь дэндсэн газар. Хэн нэгэн дарга гарч ирээд ах дүүгээ эсвэл өөрийн фракцын хүнийг томилдог. Төрдөө хүртэл фракцтай, намдаа хүртэл фракцтай. Бид нар яаж амьдрах юм бэ? Түүхий эдийн ханш бас шалан дээр байна. Ядахдаа гурван аймгийн дунд түүхий эд боловсруулах нэг үйлдвэр байгуулж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй байна”
Баян-Өлгий аймгийн иргэн Женисбек:
“…Манай аймагт тулгамдаж байгаа асуудлууд зөндөө байгаа. Энд бүгдийг нь нэг дор хэлнэ гэж байхгүй байх аа. Миний бодлоор ажлын байр, ядуурлын асуудал сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Бид үйлдвэр барьж байж хөгжинө үү гэхээс хэдэн сургууль, цэцэрлэгт, хэдэн эмч тэнд хамаатан садангуудаа аваад, бусад нь үлдээд байхаар хүмүүс ажилгүй болчихоод байгаа асуудал үүсээд байна.
Нэгдүгээрт түүхий эд, арьс шир бүгд гадаа хаягдаж байна. Энийг бид дотооддоо үйлдвэрлэж, нэг килограмм ноосыг зүгээр угаагаад гадаад руу гаргаж болохоор байна. Баруун аймгуудад бид өөрсдөө үүнийгээ хийвэл аваад явчих боловсролтой, ажил хэрэгч хүмүүс зөндөө байгаа. Энийг хөгжүүлж цаашаа явмаар, нутаг орноо хөгжүүлмээр байна аа. Энэ асуудлыг тал талаас нь яримаар байна.
Хоёрдугаарт, миний бие олон жил бизнесийн салбарт ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд би тээрэм байгуулсан. Тээрмээ 2010 онд байгуулсан. Энэ тээрмээ цааш нь өргөжүүлж, ажлын байр бий болгоод ажиллая гэхээр санхүүжилт хүрдэггүй, бусад нь ч дэмждэггүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө хаашаа явдаг юм? Доод шатандаа хүрдэггүй, дээшээ явчихдаг, ийм асуудлууд зөндөө байна. Ийм учраас алслагдмал аймгуудын иргэдийг харж үзэхийг Та бүхнээс хүсэж байна”
Баян-Өлгий аймгийн иргэн Баярхүү:
“…Би “Тэргүүн уулаа аваръя” гэдэг хөдөлгөөн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж ирсэн. Манай нутагт Ногоон хадны бөөгийн овоо гэж байсан, сүүлд шарын шашин дэлгэрсний дараа тэр овоог 21 Ногоон дарь эхийн овоо гэж нэрлэх болсон. Бид нар газар шороонд маань ийм олон овоо тахилга байхад энэ уулыг маань битгий малтаач гэж 2008 оноос хойш орон нутагтаа тэмцэж, тусгай хамгаалалтад авахуулж байсан. 2015, 2017 онд тусгай зөвшөөрлийг нь өөр компанид шилжүүлэн өгөхөд түүний эсрэг тэмцэл хийж, аймгийн дарга нарт олон удаа захидал бичиж, бие төлөөлөгчид маань уулзалт хийж байсан. Төрийн дээд шатны байгууллагуудад ч гэсэн бид хүсэлтээ уламжилсаар ирлээ. Аймгийн засаг дарга 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тэр компанид 2017 онд олгосон тэр тогтоолоо хүчингүй болгосон. Үүнд манай ард түмэн ихэд баярлаж, үйл ажиллагаа нь зогсох байх гэж найдаж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэр компани өдөр шөнөгүй ажилласаар л байна. Манай шүтээнт Тэргүүн уулын Цагаан чулуут гэдэг газарт олгогдсон алтны ашиглалтын 30 жилийн лицензийг цуцалж өгнө үү”
Баян-Өлгий аймгийн иргэн Мишелхан:
“…Өнөөдөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдалд олон түмэн их талархаж байгаа. Олон зуун ахмадын нуруу нь тэнийж, сэтгэл өөдрөг явах болсон. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна.
Мөн одоо Монголд цалингийн зээлгүй хүн гэж байхгүй болов уу гэж бодож байна. Хатуухан хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг төр булаагаад авчихдаг мөртлөө цалингийн зээлийг ард нь үлдсэн үр хүүхдүүдээр нь төлүүлдэг, ийм асуудал байгаа”
Баян-Өлгий аймгийн иргэн О.Бахыт:
“…Манай аймгийнхан бэрхшээл, зовлонгоо мэргэжлийн дагуу ярьж байх шиг байна. Энэ хүмүүстэйгээ санал нэг байна. Би мэргэжлийн тамирчин хүн. Манай аймгаас ойрын жилүүдэд улсын цолтой бөх төрөөд сайхан байна. Манай спорт ахиж байна. Цар тахлаас болж хөдөлгөөн багасаж, зарим зовлон бэрхшээлтэй тулгараад байх шиг байна. Манайх нийслэлээс алслагдсан болохоор зовлон их байна аа. Алслагдсан ч гэсэн манайд хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөх, жүдо болон багийн спортууд хөгжих боломжтой. Энэ спортуудаар гадаадаас мэргэжилтэн авчирч, хичээллэвэл маш өндөр амжилт үзүүлнэ гэж бид бодож байна. Бидэнд өндөр мэргэжилтэй боловсон хүчин дутагдаад байдаг юм аа” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэлт хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.