Нэгэн цагт АН-ыг хойморлож явсан Д.Эрдэнэбат, Да.Ганболд нарын нөхөд шүүхээс ял сонсож, ялаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Гэтэл АН-ын удирдлагууд, намын журамт нөхөд, ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгчид нь яагаад чимээ тасрав. Буруу зөвгүй чалчиж явдаг Э.Бат-Үүлийн цагаан толгой ч цухуйхгүй аж. С.Эрдэнийн хувьд амьд үхсэн эсэхийг ч мэдэхгүйгээр алга боллоо. “Шударга бусын хонгил” хэмээн байнга ярих Н.Алтанхуяг ч нам чимээгүй. Тэр намаасаа нэр дэвшээгүй ч Ерөнхий сайдын суудал хүртэл дэвшихэд томоохон нөлөө үзүүлсэн нөхөд нь хоригдож байна шүү дээ. Тэр тусмаа Д.Эрдэнэбатгүйгээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудал хүртэл дурсах ямар ч аргагүй. Саяхны түүх халуунаар байна. Улс төрд сүүлийн гучаад жил хутгалдсан Да.Ганболдод сайн муу зүйл олон бий байх. Тэр тусмаа хамтрагчид гэж АН-д бүү хэл МАН-д ч олноороо байж таарна. Гэтэл нэг нь ч байр сууриа илэрхийлдэггүй шүү. Улс төрийн орчин ийм хатуу “зарчим”-тай болжээ. Энгийнээр хэлэхэд энэ талбарт нөхөрлөл алга болсон. Улс төрд анд нөхөрлөл байдаггүй мөнхийн ашиг сонирхол байдаг л гэдэг, гэхдээ Монголын улс төр, эр хүний ёс жудаг арай ч иймдээ тулаагүй байв.
Тэгвэл МАН-аас С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын хүмүүс хоригдож байгаа. Тэдний хувьд шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээлээ. С.Баярын хувьд улс төрийн олон жилийн замналтай учраас сөрөг, эерэг аль аль талдаа арвин намтар бий л байх. Гэхдээ л улс төрд мөр зэрэгцэн явсан Д.Лүндээжанцангаас эхлээд олон хүн дуугарах ч учиртай. Үнэхээр буруутай бол хамтарч явсны хувиар “Шударга хуульч” Ц.Нямдорж ч тайлбар хийх учиртай ч сэтгүүлчийн асуултаас илт бултаж явна. Ялангуяа Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгчид төдийгүй сонгогч, дэмжигчид Монгол Улсын шүүхийн хууль бус хандлагын тухайд эсэргүүцэл илэрхийлж, удаа дараа тэмцэж байгаа.
Ж.Эрдэнэбатыг мандаж байхад хамтарч байсан, дагаж явсан нөхөд аль аль нь бараа сураг алга. Түүний танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж асан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдаар ажиллаж асан Б.Чойжилсүрэн нар бүгд л Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа ч энэ талаар байр сууриа огт илэрхийлсэнгүй. Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар хууль зөрчсөн байж болно. Үүнийг би дүгнэхгүй. Гэхдээ тэд журмын нөхөд, нэгэн цагт энэ төрийн төлөө хамтран зүтгэж явсан хүмүүсийн хувиар байр сууриа илэрхийлэх ёстой гэж боддог. Тэднийг зөвтгөөд өг гээгүй. Чухам ямар учраас хаана нь ямар алдаа гаргав, юу нь зөв байгааг тайлбарлахыг хүмүүс маш их хүссэн хэвээрээ. Тэгвэл улс төрийн карьер нь дуусаж, хаяагаа манасан ахмадуудыг хойш тавъя.
Ялангуяа залуусын тухайд дэндүү харамсалтай. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, хамгийн ойр байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж асан С.Бямбацогт нар яагаад байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм. Долоож наалдаад байгаагүй байж болох ч дор нь ажиллаж байсан үе тэнгийн хүмүүс. Нэгэн гараанаас гарч, нэгнээ дундаа гээсэн хүмүүс. Тэр тусмаа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт залуу үеийн төлөөлөл анх удаа шахам сайдын суудалд олноороо морилж, залуусын хүчтэй гэж болох багийг бүрдүүллээ хэмээн нийгэм даяараа шуугиж байв. Ж.Мөнхбат, С.Бямбацогт нараас гадна өдгөө ял эдэлж буй Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар, П.Сэргэлэн Хүнс хөдөө аж ахуйн сайдаар гэх мэт залуусын төлөөлөл бүрдэж, ажил ч чамгүй өнгөтэй явж байсан. Ийнхүү нэгэн цагт төрийн өндөр дээд алба, Гүйцэтгэх засаглалд танхим бүрдүүлж байсан нөхдөөс нь Ерөнхий сайдыг нь, салбарын сайдыг нь яллачихаад байхад ямар нэгэн тайлбар хийхгүй байгааг зөвхөн улс төрийн хүрээнд ч бус олон нийт ч харж, гайхаж байна. Тэд УИХ-д 2-3 удаа сонгогдсон туршлага бүхий хууль тогтоогчид шүү дээ. Энгийнээр хэлбэл, энэ зэргийн хэрэг уншаад тайлбар хийх бүрэн чадвартай, мэдлэгтэй хүмүүс гэж болно. Тиймдээ л ард түмнийг УИХ-д төлөөлж байгаа хэрэг байх.
Энэ залуусыг олны өмнө гарч ирээд “Тэд хууль зөрчөөгүй, шүүхээс буруу арга хэмжээ авлаа. Сулла” гээд хашхир гээгүй. Үнэхээр хуулийг мушгин гуйвуулсан, алдаа завхрал, чухам ямар хандлага хаанаа байгааг, яллагчид хаана ямар алдаа гаргав гээд байр сууриа илэрхийлж болно доо. Ерөөсөө энэ цагт хүний мөн чанар дотоод ахуйгаас ихэд холдсон байна. Тэр тусмаа улс төрөөс бүр ч алсарч. Магадгүй, нөгөө талаар таг дуугүй алга болсон хүмүүс өөрсдөө хууль зөрчсөн, хэзээ намайг барих бол хэмээн айдас хүйдсэндээ өлгийтэй явдаг байж болно. Ийм л арчаагүй нөхдөөр улс төр дүүрч байгааг түмэн олон ч анзаарах хэрэгтэй. Монгол үндэсний уламжлалт харилцаа, ахуй соёл, төрт ёсонд ч эр хүний ноён нуруу, жудаг гэж нэг зүйл байсаар ирсэн.
С.Ууганбаяр. Өглөөний сонин