Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн системд шилжсэнээр ашигт малтмалын ордын нөөцийн өөрийн гэсэн ангилалтай болохоор шийдсэн байна. Тухайлбал, 1993 онд анхны оролдлогоо хийж нөөц баялгийн ангилал боловсруулсан боловч үйл ажиллагаанд оруулж чадаагүй байна. Албан ёсны анхны ангилал 1998 онд “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар” нэртэйгээр гаргасан ба энэ түр заавар 2012 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилжээ. 1998 оны түр ангиллыг уламжлал, шинэчлэлийг аль алийг нь тодорхой хэмжээгээр хосолсон, харьцангуй сайн боловсруулагдсан ангилал гэж үздэг эрдэмтэн, судлаачид бий. Тэгвэл тэдгээр эрдэмтдийн төлөөлөл “МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ” номыг зохиожээ. Уг номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд болсон бөгөөд салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн юм. Монголын ашигт малтмалын нөөцийн ангиллын талаар даацтай анализ судалгаа хийсэн энэхүү номын зохиогч нь Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нар юм. Харин номын редактороор Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун ажиллажээ.
Энэ номд Монгол Улсад ашигт малтмалын ордод хайгуул хийж, нөөцийг нь судалгааны түвшнээр нь ангилж, бүртгэж, баланс хийж ирсэн түүхийг он дарааллын дагуу товчоолж, анхдагч эх сурвалжийг хавсралтаар өгөхийн зэрэгцээ олон улсад ашигт малтмалын нөөцийн ангиллыг хэрхэн хийж байгааг толилуулан олон улсын нөөцийг ангиллууд нь Монгол Улсын 2015 оны есдүгээр сараас мөрдөгдөж байгаа ангилалтай хэрхэн дүйж байгаад анализ хийжээ. Түүнчлэн улс орны эрх ашгийн үүднээс 2019 онд УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу уг ангилалд ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг тодруулан өгүүлжээ.
2012 оноос Монгол Улс нөөц баялгийн ангиллаа Олон улсын жишигт хүргэх эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Энэ зорилгоор 2012 оноос 2015 оны есдүгээр сар хүртэл 6 ангилал, заавар боловсруулан гаргаж, үүнээс 4 ангиллыг нь тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний болон уул уурхайн сайдуудаар батлуулж амжсан байна. Хамгийн сүүлд Уул уурхайн сайдын 2015 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 203 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ыг Монгол Улс өдий хүртэл мөрдөж байгаа юм. 2015 оны нөөц баялгийн ангилал нь хэрэглэгчдийн зүгээс их хэмжээний шүүмжлэлд өртөж байгаа ба Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс уг ангилал нь “шаардлага хангаж буй эсэх, үндэсний нөөцийн ангилал, зааврыг шинэчлэх бодит шаардлага буй эсэх талаар хөндлөнгийн экспертийн багийн шалгалт хийж, дүгнэлт гаргах” ажлыг зохион байгуулж байв. Тус баг 2015 оны ангилал зааврыг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг 2017 онд гаргаж танилцуулах гэж оролдсон хэдий ч УУХҮЯ уг ажлыг сонсоогүй учир асуудал цааш хөдлөхгүй зогсонги байдалд ороод байна” хэмээн номын өмнөтгөлд өгүүлсэн байна. Мөн “Монгол улсын нөөц, баялгийн ангилал хөгжиж ирсэн түүх, түүний олон улсын ангилалд хөрвөх, харьцах байдлыг энэхүү ажлаар задлан шинжилсэн бөгөөд тухайн ажлыг геологичид, уурхайчдаар шүүлгэхээр нийтэд нээлттэй хэвлэн нийтэлж байгааг номыг зохиогчид онцолж байв. Номын агуулга, ач холбогдлын талаар Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир өнөөдөр мөрдөгдөж байгаа 2015 оны нөөцийн ангилал шаардлага хангахгүй байгааг дурдсан бол Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж“2015 оны ангилал бол үнэхээр учир дутагдалтай, олон салаа утгатай” гэлээ.
Мөн Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Монгол улс хүдрийн балансаа зөв гаргаж чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрээд байгааг онцлон тэмдэглэсэн юм. Уг номонд авч үзсэн ашигт малтмалын нөөцийн тухай асуудал нь уул уурхайн зураг төслийн чухал үндэслэл тул Монголын Уул уурхайн зураг, төсөл зохиогчдын холбоо номыг хэвлүүлэх ажлыг ивээн тэтгэсэн байна.
Б.Ирмүүн