“ТЭЦ-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан шалгав. Үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүч 3,5 хувиар, дулааны эрчим хүч хэрэглэгчид 2,4 хувиар өссөн байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрийн үндсэн тоноглол, их засварын ажлын явц 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах аж. Хөрөнгө оруулалтын хувьд энэ онд 44 ажил хийгдэхээр төлөвлөгдөж, биелэлт 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрхуяг дуулгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор тус станцын турбоагрегат №1,2,3,4-ийг шинэчлэн сайжруулахаар төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна. Уг төслийг хэрэгжүүлсэнээр станцын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 89МBт-аар нэмэгдэж, жилд 100,000 мянган тонн бодит нүүрс хэмнэх боломжтой болох аж. Төслийн эхний шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадал 46МBт-аар нэмэгджээ.Цаашид үргэлжлүүлэн төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсч төсөл хэрэгжих хугацаа удааширч байгааг үйлдвэрийн захирал Ц.Төмөрхуяг хэллээ. Иймд дээрх тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх асуудлыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Турбоагрегат шинэчлэх төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний ачаалыг богино хугацаанд хямд өртгөөр шийдэх бүрэн боломжтой аж.