Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор хүссэн эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авах тогтолцоог бүрдүүлнэ
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.
Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн гэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагалдуулан өргөн мэдүүлжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих юм байна.
Сангийн сайдын танилцуулга болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариул тайлбар авсан юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт реформ хийх зохицуулалтууд төслүүдэд тусгагдсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэсэн. Өндөр хөгжилтэй орнуудын хангалттай орлоготой иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээнийхээ зардлын 10-11 хувийг халааснаасаа төлдөг бол манай иргэд 32 хувийг төлдөг талаарх судалгаа, тооцоог олон улсын байгууллагаас гаргасан талаар хэлсэн юм. Түүнчлэн бусад гишүүний дурдсанчлан эрүүл мэндийн зардал нь өрхийн амьжиргаанд хүндрэл болж туссаны улмаас жилд 20 мянга орчим өрх ядууралд өртдөг гэх баримтуудыг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэв. Хуулийн төслүүдээр эдгээрийг өөрчилж, шинэчлэх боломж бүрдэнэ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Түүнчлэн бүх эмнэлгийг худалдан авалтын нэг тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийх зохицуулалтууд бий гэв. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хэллээ. Мөн эмийн чанар, үнийн талаарх мэдээллийг хуваалцаж, тодорхой асуултуудыг тавьсан. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо, санхүүжилтийн хэлбэрийг үйлчилгээ авч буй иргэн төдийгүй үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагчдад харилцан ашигтай, зөв байх хувилбараар хөгжүүлэх шаардлагыг салбарын яамнаас санаачлан, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын гишүүд тайлбарлалаа. Эмийн чанартай холбоотой асуудлаар тайлбар хийхдээ, төслийн нэгжүүдийн хийсэн судалгааны дүнгээр манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус байгаа талаар дурдагдсан гэв. Түүнчлэн үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэх асуудлаар тайлбар, тодруулга өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болсноор улсын төсөв хэмнэх, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийг чанартай үйлчилгээг хүргэх боломжтой гэж үзэж байгаа гэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын сан нь улсын болон хувийн эмнэлгийг сонгон гэрээ байгуулж, адил тарифаар санхүүжүүлэх зохицуулалттай болно гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлав. Энэ тохиолдолд улсын эмнэлэгт танил тал хайж, дугаар үүсгэн хүлээдэг байдал буурч, иргэд хүссэн эмнэлгээ сонгон үйлчлүүлдэг боломжтой болох юм байна. Санхүүжилт нь өвчтөнөө дагаж явдаг тогтолцоо руу орох өөрчлөлт хийх төслийг өнөөдөр хэлэлцэж буйг тэрбээр онцолж байв. Эмнэлгүүд чанараар өрсөлдөх, иргэд сонголтоо хийх боломжтой болох юм байна. Урьд нь иргэд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр эмийн жор бичүүлж, ЭМДЕГазартай гэрээ байгуулсан эмийн сангаар үйлчлүүлдэг байсан, эмийн сан санхүүжилт дууссан нэрийдлээр чирэгдэл учруулдаг байсныг халж, бүх эмийн сангаас хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй үнээр хүлээлт, чирэгдэлгүй авдаг болох юм байна. Эмнэлгүүд ЭМДСангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхээр эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник хангамжаа сайжруулах шийдвэрүүдийг бие даан гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Чинбүрэн тэмдэглэв.