ЭМЯ-наас өдөр бүрийн өглөөний 11 цагт коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг билээ. Өнөөдрийн ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 621 хүний шинжилгээг хийхэд бүгд сөрөг буюу коронавирусний халдваргүй гарлаа. Наймдугаар сарын 09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүн, Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ, мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн анхны шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд” гэлээ. Тэрбээр мөн Монгол Улсад коронавирусын 293 тохиолдол батлагдсанаас ХӨСҮТ-д эмчлүүлж буй 30 хүний биеийн байдал хөнгөн. Эдгэрээд гарсан 263 хүний 47 нь сувилалд, 23 нь гэрийн ажиглалтад байгааг мэдээллээ.