Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой хурц асуудал. Ялангуяа манайх шиг хүнсний бүтээгдэхүүнээ импортоос авдаг оронд хамгийн их хамаатай халуун сэдэв. Зөвхөн баталгаат хугацаанаас гадна хадгалалт, тээвэрлэлтийн горим шаардлага хангадаггүй нь даанч үнэн.
Монголд хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаагийн гол эх үүсвэр нь чанаргүйгээс гадна хугацаа нь дууссан, стандартын шаардлага хангахгүй орчинд удаан хадгалдагдсан хүнсний бүтээгдэхүүнд байгаа юм.
Өндөр хөгжилтэй орнуудад супермаркетууд нь ямар ч улиралд сэрүүн байдаг. Гэтэл манайд зуны 30-35 градусын халуунд хамаг бараагаа лангуун дээрээ хаячихдаг нь нэртэй сүлжээ дэлгүүрт ч хэвийн үзэгдэл. Хүмүүс ч шаардлага тавьдаггүй, ийм байх ёстой юм шиг боддог нь харамсалтай. Баталгаат хугацаа нь дуусаагүй ч халуун орчинд удаан байсан хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэх нь ойлгомжтой шүү дээ.
ТҮЦ бол хүмүүсийн орж гардаг худалдааны жижиг нэгж. Хамгийн гол нь эрүүл ахуйн талаасаа шаардлага хангаж байгаа, эсэхт мэргэжлийн байгууллагууд цаг үргэлж маш сайн хяналт шалгалт хийх ёстой. ТҮЦ-т зарж болох бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, батлаад мөрдүүлэхэд яагаад болохгүй гэж?
Ойрын өдрүүдэд өдөртөө 30 градус давж халж байна. Ийм үед ТҮЦ-т хиамтай ороомгийг ил задгай тавиад зарж байх юм! Хүүхэд багачуудын хамгийн их сонирхдог бүтээгдэхүүн бол ороомог, пирожки, хуушуур, бэлэн гоймон. Харамсалтай нь бяцхан үрс өдөржингөө халуун орчинд “хэвтсэн” махан бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байна. Махан бүтээгдэхүүн халуунд хамгийн амархан мууддаг гэдгийг худалдаа эрхлэгчид мэддэг. Гагцхүү монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлах цаг болжээ.
Д.Дорж