УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүн, нийтдээ 606 нэр дэвшигч бүртгүүлж Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ авчээ. УИХ-ын гишүүний 76 мандатын төлөө өрсөлдөж байгаа 606 хүний тухай хорин хэдэн хоногийн турш монголчууд аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороогоороо хэлэлцүүлэг өрнүүлж, одоо сонголтоо хийх цаг хаяанд ирлээ.
Улс төрийн том хүчин МАН, АН-ын хувьд нэр дэвшигчид нь олон нийтэд ямар нэгэн хэмжээгээр танигдсан хүмүүс байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй. Улс төрийн тулхтай, төлөвшсөн хүчин учраас МАН, АН-аас нэр дэвшигчид тодорхой шалгуур давж, олон өрсөлдөгчдийн дундаас мэдлэг, боловсрол, туршлага, ажлын арга барилаараа ялгарч, намын гишүүд, дэмжигчид, удирдах дээд байгууллагуудаараа хэлэлцүүлэн сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан хүмүүс юм.
Сонгогчдын хувьд тэднийг сонжиход түвэггүй. Харин шинээр нэр дэвшиж байгаа МАН, АН-ын гишүүдийн хувьд хуучин туршлагатай гишүүдийнхээ суганд хавчуулагдаж сурталчилгаагаа хийх боломжийг УИХ-ын тухай сонгуулийн хууль олгож, томсгосон тойрогт ганзага нийлэн хориод хоног давхилаа. Тэд ч биднийг “Багаар нь дэмжээрээ” гэж намын дарга нарынхаа өгсөн чиглэлийн дагуу тэвчээртэй хамтран зүтгэлээ.
Одоо гарман дээр ирж, морио нэг усалж, идүүлж аваад өөр өөрсдийнхөө шандас хүчийг үзэхээр гарааны зүг гарах цаг боллоо.
Энэ удаагийн сонгуульд иргэд, сонгогчид нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс илүүтэй нэр дэвшигчдийн мэдлэг, боловсрол, туршлага, нэр цэвэр байдлыг чухалчлан үзэж байна. Энэ үүднээс авч үзвэл миний хувьд дараах нэр дэвшигчид яах аргагүй ялгарч байна.
Хэрэв Монгол Улс сонгуулийн нэг тойрог байсан бол МАН-аас: Ү.Хүрэлсүх, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, С.Амарсайхан, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин,Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, Х.Мандахбаяр, Х.Ганхуяг, Д.Сумьяабазар, Б.Алдаржавхлан,
АН-аас: Р.Амаржаргал, Ж.Батсуурь, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Жадамбаа, Д.Үүрийнтуяа, Х.Тэмүүжин, Б.Баярмаа, Ж.Оюунбаатар, Д.Энхтуяа, Д.Оросоо, Ж.Баясгалан, С.Эрдэнболд, Ц.Баатархүү, С.Одонтуяа,
“Та бидний эвсэл”-ээс Ц.Ганхуяг, Н.Удвал, Ч.Базар, Б.Дэлгэрмаа, Б.Тулга, П.Шинжээравдан, М.Наранбаатар,
“Шинэ эвсэл”-ээс: Ж.Батзандан, Д.Одгэрэл, А.Төмөр-Очир, Х.Оюунцэцэг,
Монголын Ногоон Намаас: О.Бум-Ялагч,
“Зөв хүн-электорат” эвслээс: Б.Мөнхсоёл, Г.Ганхүү, Т.Доржханд, Б.Найдалаа
“Сахигтун! Үндсэн хуулийн 19”-ээс: Н.Дашзэвэг
Бие даагчдаас Ц.Цолмон, С.Даваасүрэн, А.Бат-Эрдэнэ, А.Саруул, Ц.Минжин нар сонгогдож УИХ-ын гишүүн болоосой гэж хүсч байна. Миний хувьд нэр дэвшүүлж, сонгохыг хүсч байгаа парламентын гишүүдийн тоо 66 болоод байна. Зарим тойрогт мандатын тооноос илүү, зарим тойрогт дутуу байгаа хэдий ч заавал 76-ийн тоонд хүргэх зорилт тавьсангүй. Хэрэв 76-д хүргэвэл миний бүрдүүлэх парламент бохирдчих гээд болсонгүй. Тэгэхээр хоосон үлдсэн 10 мандат дээр ямар нэгэн хэмжээгээр асуудалтай хүмүүс орж ирэх нь тодорхой боллоо. Гээд яалтай ч билээ. Сайнтай муутай сав дүүрдэг хойно.
сэтгүүлч Г.Энхбаатар