Монголчууд хэзээнээсээ шударга шулуун, ноён нуруутай, тулхтай, зангарагтай, эрс шийдэмгий хүнийг “Төрийн хүний шинж бүрдсэн” гэж цаанаа л өөр сэтгэлээр хандаж, хүндэтгэж ирсэн.Нэг ёсондоо төр түвшин байх нь хувь хүний төлөвшлөөс шалтгаалдаг гэсэн гүнзгий агуулгатай нарийн учир зүйт шалгуур юм. Туйлбаргүй, намбагүй, ёс зүйгүй, ноён нуруугүй, урваж шарвадаг, үзэл бодолдоо үнэнч биш хүнд төрийн өндөр сэнтий зохихгүй гэж л хэлээд байгаа хэрэг.
Мөнгө төгрөг цацаж, уран гоё донгодож байгаад гараад ирсэн хүмүүс яаж худлаа ярьж, яаж самардгийг 30 жилийн улстөрийн түүх бэлхнээ харуулсан. Ер нь УИХ-ын 8 дахь удаагийн сонгуульд өрсөлдөх 600 гаруй нэр дэвшигч дотор ард түмний шалгуурт үл нийцэх хүн цөөнгүй байгаа нь сурталчилгааны өдөр хоногуудад илүү тод харагдлаа. Хамуудаа л гэнэ. Лалруудаа, хулгайчуудаа л гэнэ. Нэгнийгээ тэнэг, мангараар нь дуудах, ална шулна гэх бол бараг л хэвийн үзэгдэл. Сонгогчидтой шоронгийн хэлээр ярих гээд байгаа юм уу, хаашаа юм? Хууль тогтоох төрийн дээд байгууллагад горилж байгаа хүмүүс гэхэд гудамжны архичнаас ялгарах юм байна уу?
Хөрөнгө мөнгөөр зодоод байхгүй ч өндөр боловсрол мэдлэгтэй, хүмүүжил, ёс суртахууны хувьд хаана ч гологдохооргүй хүмүүс л УИХ-д орж байж ард түмэндээ үлгэрлэж чадна шүү дээ. Тэртээ тэргүй тийм нэр дэвшигчдийг аль нам олж дэвшүүлснийг ялгаж, салгаж чадах чадвар сонгогчдод бий.
Д.Дорж