Төрийг удирдана, улс орныг авч явна гэдэг төлөвшсөн улстөрийн хүчний л чадах ажил. Төлөвшсөн гэдэг нь наад зах нь дотоод зөрчилгүй, боловсон хүчний асуудлаа бүрэн утгаар нь шийдсэн байхыг л хэлнэ.
Энэ шалгуураар харвал АН төлөвших болоогүй байна. Анх 1996 онд ард түмэн тэдэнд санал өгөхөд дотоод зөрчил, үзэл санааны хуваагдмал шинжээсээ болоод улс орныг удирдах нь бүү хэл Засгийн газраа ээлж дараалан унагааж төрөөр наадам тоглоом хийж байсныг ард түмэн мартаагүй. Ямар ч туршлагагүй нам засгийн эрхийг авахаар эдийн засаг, нийгэм сүйрэх нь ойлгомжтой шүү дээ. “Ардчилсан холбоо” эвслийн Алт дилерийн хэрэг, банкны луйвар, казино, өвч хувьчлал нэртэй бужигнаанаар улс орныг самарч, ард түмнийг элгээр нь хэвтүүлсэн түүх хуучраагүй байна. Улстөрийн хүчний хувьд шал түүхий болохоор засаглаж чадахгүй нь ойлгомжтой байсан учир 2000 оны сонгуулиар ард түмэн тэдэнд хатуухан дүн тавьж, төрөөс хөөж билээ.
2004 онд АН, МАШСН-тай хамтран сонгуульд ороод 36 суудал авч чадсан ч мөн л дотоод зөрчлөөсөө болж эвслээ ч тарааж, улмаар Засгийн газраа ч огцруулж билээ. Тэр ч бүү хэл сонгуулиар 36 суудал авсан хэрнээ УИХ дахь бүлгээ тарааж МАН-ын хөнжилд орж “62-ын бүдүүн бүлэг” гэгчийг байгуулж доошоо орж байсан юм. Үүнийг Э.Бат-Үүл тэргүүтнүүд эсэргүүцэж “Алтан гадас” францийнханд “Тэлээ хурганууд” гэдэг “цол” хайрлаж билээ. Тухайн үед хэдийгээр АН гэдэг нэг намд харьяалагдаж байсан ч олон тооны бүлэг фракциудад идэгдэж, улмаар эв нэгдэл нь сарниж байлаа. Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, С.Баярцогт тэргүүтэй “Алтан гадас” фракц 2004-2014 он хүртэл намынхаа бодлогыг тодорхойлж байсан бөгөөд хамгийн гол нь 2004 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар АН-ын дотоод зөрчлөөс болж удаан наслаагүй юм. Тэд тухайн үед дахин засаглаж чадаагүй.
2008 оны сонгуулиар АН 28 суудал авч хамтарсан Засгийн газарт орж ажилласан ч мөн л тодорхой үр дүнтэй ажиллаж чадаагүй. З.Энхболд нарын “Ардчилсан хүчний холбоо” франкцийн шахалтаар АН-ын дарга /тухайн үед Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан/ Н.Алтанхуяг нэг л өглөө АН Засгийн газраас гарч байгааг зарласан юм. “Ардчилсан хүчний холбооныхон” засагт ажиллаж байсан хүмүүстээ боломж олгож, дэмжихийн оронд шахалт өгсөөр байгаад төрийн ажлыг хийлгээгүй гэсэн үг. Тэд зөвхөн бүлэглэлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байлаа.
2012 оны сонгуулиар АН 31 суудал авч, улмаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан ч дотоод зөрчлөөсөө, мөн санхүү эдийн засгийн бүлэглэлийн эрх ашигтай холбоотойгоор хоёр жилийн дараа огцорч, улс орны нийгэм, эдийн засаг хохироод үлдсэн. Улмаар Н.Алтанхуяг намын даргын тамгаа З.Энхболдод гардуулснаар тус намд “Ардчилсан хүчний холбооны” эрин үе эхэлсэн юм. Харин одоо бол С.Эрдэнэ, З.Энхболд нарын “Ардчилсан хүчний холбоо” АН-ын удирдлагыг гартаа аваад байна. Үүнээс болоод өнөөдөр “Алтангадасчууд” намдаа орон зайгүй болж хоцорсон бөгөөд тэдний тулаан нь АН-ыг оршин тогтнохуйд заналхийлэх хэмжээнд хүрчээ.
Д.Дорж