200 сая хол давсан хүн амтай их АНУ-д Бүгд Найрамдах Нам, Ардчилан Нам гэсэн хоёр том нам ээлжлэн төр барьдаг. Гэтэл гуравхан саяулаа Монголд намаас их юм алга. 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, олон ургальч үзлийг тунхагласныг ардчилагчид нам болж тоглох боломж гэж харсан нь нууц биш. Элдэв нэртэй намууд борооны дараах мөөг шиг олширч, тэр хэрээр сонгогчдын толгой эргэж байлаа. Социал-демократ гэдэг нэр томьёог тодорхой хүрээнд л гэхээс нийт масс мэддэггүй байв. Ямар ч сайндаа алс хязгаар нутгийн нэгэн өвгөн “Тэр данкраат нам гэгч нь ер нь ямар янзын юм байна” гэчихсэн будилж явсан гэдэг. Яаж бодсон Монголын улстөрийн зах зээлд олон намын орон зай байтугай гуравдагч хүчний орон зай ч одоо болтол бий болоогүй байна.
1992 онд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын Ардчилсан Нам /МоАН/, Да.Ганболдын Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/, С.Зоригийн Нэгдсэн Нам /НН/ гэсэн гурван нам тус тусдаа биш эвсэл байгуулж ороод ч бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй. Энэ нь олон намын орон зай байхгүй байгааг яруу тод нотолсон бөгөөд үүнийг эрхбиш ухаарсан дээрх гурван нам нэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж 1996 оны сонгуулийн өмнө Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-ыг байгуулж, улмаар Монголын Социал Демократ Намтай /МСДН/-тай хамтран “Ардчилсан холбоо” эвсэл байгуулж сонгуульд ороод 50 суудал авч ялалт байгуулсан билээ. Гэхдээ тэдний нэгдэл механик шинжтэй байсан учир 2000 оны сонгуулийн өмнө бүлэг фракцаараа талцан хуваагдаж, гурван удаа Засгийн газраа огцруулж самарсныг түүх мартаагүй. Нэгэнт эв нэгдлээ алдаж, дотоод зөрчилдөө идэгдсэн улстөрийн хүчинд сонгогчид итгэл хүлээлгэхгүй нь ойлгомжгүй болохоор 2000 оны сонгуульд ардчилсан хүчин ердөө ганцхан суудал авсан юм. Хамгийн инээдтэй нь 1993 оны сонгуульд эвсэл болж орсон МСДН нь МҮАН-аа жийж бие дааж өрсөлдөөд хүний урманд ганц ч суудал чангааж чадаагүй. Ингээд л МҮАН, МСДН-аас гадна Монголын шашинтны ардчилсан нам, Монголын сэргэн мандлын нам, Монголын ардчилсан нам /С.Эрдэнийн/, Монголын уламжлалын нэгдсэн нам гэсэн 4 жижиг нам нэгдэж одоогийн АН-ыг үүсгэн байгуулж билээ. Олон намын орон зай байхгүй болохоор тэд аргагүйн эрхэнд тийм сонголт хийсэн хэрэг.
АН-ын үүх түүх, алдаанаас сургамж авсангүй, нам байгуулж тоглох үзэгдэл манайд өнөө хэр тасраагүй нь нэн хачирхалтай үзэгдэл. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх орон” нам, Б.Жаргалсайханы Бүгд Найрамдах Нам, М.Энхсайханы Монгол Үндэсний Ардчилсан Нам, Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” нам, бас “ХҮН” нам л гэнэ. Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ нам л гэнэ. Нарантуулын Ш.Сайхансамбуу хүртэл яаж зүгээр байх вэ гэсэн шиг Үнэн ба зөв нам гэгч сүржин нэртэй нам байгуулсан гэж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам, Ардчилсан хөгжлийн нам, бүр Гэр хорооллын хөгжлийн нам ч гэх шиг олон түмний сонсч дуулаагүй наманцарууд нэг мэдэхэд л олноороо бий болчихоод, өрсөлдөх эрхээ авчихаад байна. Цаана сайн ухвал манайд Коммунист нам, Капиталист нам хүртэл байдаг гээ биз дээ? Монгол орон юугаар баян бэ гэвэл намаар л баян байна даа. Хэдийгээр эвлэлдэн нэгдэх эрх байгаа ч нам байгуулснаар улс орон хөгжих үү? 3 сая хүн энэ олон намд үзэл бодлоороо хуваагдаж, итгэл үнэмшилээрээ нэгдэж чадах уу? Шуудхан хэлэхэд улс оронд хүнд, хөнгөн үйлдвэрүүд, ард түмэнд ажлын байр, амьдралын боломж л хэрэгтэй болохоор биш аль ч учрыг нь мэдэхгүй, тамга тэмдэгнээс хэтрэхгүй намууд хэрэггүй.
Хамгийн гол нь сая дурдсан “намууд”-ын цаана ердөө л ганц хүн байгаа гэхэд хилсдэхгүй. Ганц хүний намд үзэл баримтлал, бодлого, хүний нөөц байхгүй. Улстөрийн намын үндсэн үйл ажиллагааны нэг нь шинжлэх ухаанч бодлого боловсруулах, судалгаа хийх шүү дээ. Өөрөөр хэлбэл, нам гэдэг бол бодлогын институци. Зөвхөн энэ л шалгуураар харвал ганц хүний намууд унаж байгаа юм даа.
Д.Лхагва