МоАН-ын анхны дарга, нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд нар хонь, чоно болжээ. Э.Бат-Үүлийн хувьд ардчиллын үнэт зүйлийн уландаа гишгэж, АН-ыг хүчгүйдүүлж байна гэж үзэж Зи-гээ нэг нүдээрээ үзэхгүй байна. Э.Бат-Үүл Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан саатуулсныг З.Энхболдтой холбоотой гэж харж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Монголын ардчиллын эсрэг гэмт хэргийг шалган тогтоож бүртгэх ажиллагааг би эхлүүлсэн. Энэ шугамаар цаашдаа баримт цуглуулж шалгана. Ардчиллын эсрэг үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй. Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно. З.Энхболдыг манай нам нэр дэвшүүлж байгаа бол би тэндээс нэр дэвших боломжгүй. Дахин хэлэхэд З.Энхболд бид хоёр нэг намаас нэр дэвших боломжгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлага ширүүлсэн байна билээ.
Нөгөө “найз” нь ч мөчөөгөө өгөлгүй “Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа. Сонгууль бол зүгээр л тэр баялгыг авахад нь саад бологсдыг зайлуулах операци” гэж цахим хуудсаараа дамжуулан тэр дор нь хариу барьсан. Энэ нь луйварчид хуцалгүй зайл гэсэнтэй адилхан сонсогдож байгаа юм.
Хамгийн гол нь энэ хоёр хүний тулаанаас харвал тэнгэрт хоёр нар байдаггүй гэдэг шиг АН-ын хуучин лидерүүд намаа хоёр хуваах үйл явц хэдийнэ эхэлчихэж. Хэн нь чухам цусгүй тулаанд ялахыг сонгуулийн дараах АН жинхэнэ утгаараа задрах процесс харуулах нь тодорхой. Өнөөдөр АН-ыг удирдаж буй С.Эрдэнэ, түүний ахлах зөвлөх З.Энхболд тэргүүтэн “Үеэ өнгөрөөсөн партизанууд явж л байг” гэсэн өнцгөөс асуудлыг харж байгаа бол Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, бас АН-аа шинэчлэх хөдөлгөөний залуусын хувьд С.Эрдэнэ, З.Энхболд нарыг хөөн зайлуулахын түүс болж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Ийм үл ойлголцсон, дайсагналцсан “хүйтэн дайны” нөхцөл байдалд АН тэсч үлдэнэ гэдэг хэцүү дээ. Бараг боломжгүй. Нэг бол С.Эрдэнэ, З.Энхболд нар нэрээ авч үлдээд, хууччууд нь явсанаараа явна. Эс бөгөөс Э.Бат-Үүл нар “ялалт” байгуулж, одоогийн лидерүүдээ унагаад зогсохгүй намаасаа хөөж явуулна. Хэрэв эв эеэ хичээгээд нэг намдаа толгой хоргoдоё гэх юм бол хэн хэн нь орон зайгүй “улстөрийн үхдэл” болж хувирах биз. АН явж явж анхдагчдынхаа сүүдэрт царцах тавилантай байжээ.
Д.Дорж