Халдварын тохиолдол нэмэгдсээр, иргэд хэнэггүйтсээр!

Халдварын тохиолдол нэмэгдсээр, иргэд хэнэггүйтсээр!

Халдварын тохиолдол нэмэгдсээр, иргэд хэнэггүйтсээр!

“Ковид-19”-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа талаар ЭМЯ сэрэмжлүүлж, амны хаалтаа зүүж, халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэдэд анхаарууллаа. Харамсалтай нь амны хаалттай хүн өдрийн од шиг л байна. Ядаж олон нийтийн газарт алгын чимээ маск зүүгээд явах ухамсар алга. Архи авахдаа мөнгөө нарийлдаггүй хэрнээ өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө хэдхэн төгрөгөөр маск авч чадахгүй байгаа нь харамсмаар. Өдөрт батлагдах омикроны шинэ хувилбарын тохиолдол  бараг 200 руу дөхөж байхад иргэд хэнэггүйтсээр. Халдварын дэгдэлт ид хүчээ авч, хөл хорионд шилжээд байсан 2020 оны 12 дугаар сарын 29-нд сэтгүүлчийн хувьд сэрэмжлүүлэн бичиж байсан дахин сануулахаас өөр аргагүйд хүрлээ.

НИЙГМИЙН ДАЙСНУУД БАЛАГ ТАРЬЖ БАЙНА

15 дугаар хорооллын нэгэн худалдааны төв. 40 нэлээд гарч яваа насны эр сүү, цагаан идээний лангууны дэргэд хоёр ч удаа хүчтэй найтаалаа. Ам хамраа дарж байгаа юм  алга. Зүүсэн маскийг нь харвал богино хугацаанд хэрэглэх зориулалттай, нэг удаагийнх. Гэхдээ харахад маск боловч халдвараас хамгаалах, эсэхийг нь үнэндээ хэлж мэдэхээргүй болтлоо хуучирсан нь илт. Тэр хүн найтааснаар амьсгалын замын элдэв нян, вирус хүнсний зах дотор цацагдаж, шимэгч хорхой бужигнах шиг санагдав. Зарим хүмүүс ам, хамраа хаасан л дүр үзүүлж байвал чанарт нь огт анхаарахгүй байна. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад байхаар энэ хөнөөлт вирус даанч амархан газар авч улс орныг маань туйлдуулна шүү дээ! ХБНГУ-ын нэгэн томоохон эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа Монгол бүсгүй Т.Хөвсгөлдалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Маскны зөв хэрэглээний тухайд гэвэл FFP2, FFP3 гэдэг стандартын маск шүүлтүүртэй болохоор коронагаас хамгаалж чадна. Энгийн маск ямар ч нэмэргүй. Энгийн гэдэг нь бидний зүүгээд байгаа нэг удаагийн маск юм. Нэг удаагийн маск бол мэс заслын маск гэж явдаг. Энэ нь бидний амнаас гарч байгаа шүлс нян бактерийг л халдварлуулахгүй гэсэн л хамгаалалт. Шүүлтүүргүй болохоор ковидоос хамгаалах боломжгүй” гэж онцгой анхааруулжээ.

Ханиад томуутай, магадгүй коронавирусын халдвартай хүн ханиаж найтаан байж олон нийтийн газраар явах ямар хэрэг байна вэ? Яагаад бусад хүмүүсийг бодохгүй байна вэ? Ганцхан хүний ухамсар дорой үйлдэл нийгмийг тэр чигээр нь гамшигт автуулна гэдгийг хэнэггүй, амиа хичээсэн, толгой хоосон иргэд ухаарахгүйгээр халдварын тархалт зогсохгүй! Хатуухан хэлэхэд тэд бол нийгмийн дайсан!

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account