Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл ирэх жил үргэлжлэнэ

Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл ирэх жил үргэлжлэнэ

Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл ирэх жил үргэлжлэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.18/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөлд “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” хэмээн тусгасан. Орон нутгийн нэмэгдэл авч болох албан хаагчдад төрийн үйлчилгээний албан хаагчдыг нэмэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Н.Наранбаатар нар гаргасан бөгөөд саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч  тэтгэвэр тогтоолгосон хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд дахин томилохгүй байхаар тусгасан заалтын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ажлын хэсгийн гишүүдээс энэ заалтаар хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй, хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэх эрх нь нээлттэй гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мэргэжлийн хяналтын чиг үүрэг, бүтцийг оновчтой болгон зохион байгуулахтай холбогдуулан боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа дахин хэлэлцэхээр тогтон, бусад хуулийн төлүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төр өөрөөсөө эхлэн хэмнэлт хийхийг нэн тэргүүний зорилт болгож байгаа бөгөөд хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр урсгал болон хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад зээлийн ашиглалтын зардлыг оруулан тооцвол нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадсан.

Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж инфляц өндөр байгаа энэ цаг үед орлогын эрсдэлд ойрхон байгаа болон бага хэрэглээтэй өрхүүдийн орлогын баталгааг сайжруулахад дээрх хэмнэлтээс бий болсон эх үүсвэрийг зарцуулах боломж бүрдэнэ.

Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан уян хатан тогтоодог зарчимд шилжихийг зорьж байна. Энэ хүрээнд төрийн албаны цалингийн нэмэгдэл, шатлалыг үндэслэлтэй, бодитой болгох өөрчлөлтүүд орж байгаа.

Түүнчлэн, төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурыпих явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-оос доошгүй хувиар тогтоож үүн дээр нэмээд тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг өгснөөр төрийн албан хаагчийн цалин хоёр дахин нэмэгдэх боломжтой болно.

Мэргэжлийн хяналтын чиг үүрэг, бүтцийг оновчтой болгон зохион байгуулахтай холбогдуулан эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай урсгал зардлыг холбогдох яам, агентлагт шилжүүлж, харин төрөөс нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх хяналтыг “Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага” хэлбэрээр зохион байгуулж холбогдох зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд тусгаад байна.

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд Төрийн үйлчилгээг зохицуулах газрыг 174 орон тоо, 5.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгалаа.

Хувийн хэвшлээр төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж төсвийн зардлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд “Засгийн газрын автобааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоонд шилжүүлж, цаашид орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар бие даан ажиллуулахаар тооцлоо.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд автомашинтай байхыг хязгаарласан. Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л төсөвлөөд байна. Ингэснээр шаардлага гарсан тохиолдолд хувийн хэвшлийн авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас дуудлагаар хэрэглэдэг болсноор автомашинтай холбоотой тээвэр шатахууны болон засвар үйлчилгээний зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан юм. Тэрбээр, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарсан гэлээ. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгсөн гээд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төслийн талаар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын Тамгын газрын урсгал зардал, төсөв хасагдсан нь ямар учиртайг тодруулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш УИХ-ын гурван Түр хороо байгуулагдсан. Байгуулагдаад дөрөв, таван сар болоод байхад үйл ажиллагаа явуулах зардал байхгүй. Үүнээс болоод түр хороодын ажил урагшилдаггүй. Ирэх онд УИХ-ын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэдий хэмжээний төсөв суулгасан бэ гэж асуусан.  

Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн хэмнэлтийн хуулийг бид өөрсдөө хэрэгжүүлж эхэлнэ. УИХ, Засгийн газар аль аль нь. Түр хороо тухайлсан шаардлагаар байгуулагддаг. Тэр үед улсын төсөв батлагдчихсан байдаг. Ирэх онд хэдэн Түр хороо байгуулагдахыг бид мэдэхгүй. УИХ батлагдсан төсөвтөө багтаагаад ажлаа хийгээд явна гэсэн хариулт өгсөн.  

УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, 2023 оны төсөвт суулгахаар бидний төсөвлөж оруулсан хөрөнгө оруулалтын зардал болох 3.5 тэрбум төгрөг 100 хувь хасагдсан. Мөн 2.4 тэрбум төгрөгийн урсгал зардал хасагдсан. Хасагдсан 3.5 тэрбум нь УИХ-ын хуралдааны цахим системийн шинэчлэлд зориулагдах зардал байсан. Одоо хуралдааны танхимуудад ашиглаж байгаа тоног төхөөрөмж буюу микрофонт гар 10 гаруй жил болсон, үйлдвэрлэгдэхээ больсоноос сэлбэг хэрэгсэл нь олдохгүй болсон. 2022 онд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын төхөөрөмжийг солих мөнгө төсөвт суусан. Одоо бусад танхим дахь микрофонт гарыг солих шаардлага байгаа. Энэ төхөөрөмжийг авах захиалга өгснөөс хойш зургаан сарын дотор үйлдвэрлэгдэн нийлүүлэгддэг. Бидний өгсөн захиалгын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд оны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимын микрофонт гарыг суурилуулах ажил хийгдэнэ. Харин бусад танхимуудад тавигдах зардал ирэх оны төсөвт сууж, бид захиалга өгч үйлдвэрлэх ажил хийгдэхгүй бол  шинэчлэлийн ажил 2025 он хүртэл хойшилж, хуралдааны хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсэх болоод байна.

2022 оны төсөвт Түр хороодын үйл ажиллагаатай холбоотой төсөв байгаагүй. УИХ-ын зарим гишүүд хувиасаа мөнгө гаргаж ажилласан нь үнэн. УИХ-ын гурван Түр хороо бүгд төсөвгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Бид энэ жил байгуулагдан ажиллаж буй Түр хороодын зардлыг дундажлан тооцоод ирэх оны төсөвт 480 сая төгрөг тусгасан ч 50 хувь хасагдсан гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Экспорт дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх асуудал маш чухал. Энэ чиглэлээр 2023 онд ямар арга хэмжээ авах вэ. Ирэх онд орон нутаг дахь их засварын зардлыг хэрхэн тооцсон бэ. Төсөвт байгууллагуудын их завсарт тавьсан мөнгө хаа хаанаа хүрэлцэхгүй байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны санал авч тоолох машины программыг шинэчлэх асуудал ирэх оны төсөвт туссан уу. Тэр тоног төхөөрөмж шинэчлэхгүйгээр СЕХ сонгууль зохион байгуулах үүргээ гүйцэтгэж чадах уу гэсэн асуулт тавьсан.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичиг ирүүлсэн. СЕХ-ноос 2023 оны төсвийн төсөлд шаардлагатай техник хэрэгслийг шинэчлэх зардлыг тусган Сангийн яаманд хүргүүлсэн ч ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй байна. Сонгуулийн санал авч тоолох автоматжуулсан системийн шинэчлэл хийгдсэнээр 2024 оны УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг техникийн саатал, эрсдэл доголдолгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гээд 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг албан бичигт дурджээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй гэсэн зарчмаараа шийдсэн байгаа. СЕХ-нд шаардлагатай байгаа техник хэрэгслийн зардлыг 2024 оны төсөвт тодорхой хэмжээгээр тусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Мөн тэрбээр, Энэ жилээс эхлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа мөрдөж эхэлсэн. Энэ жил орон нутаг руу 40 тэрбум төгрөгийн их засварын мөнгө шилжсэн байгаа. Ирэх жил 50 хувиар нэмэгдээд 60 тэрбум туссан байгаа. Он гараад хуваарилалт хийгдэнэ гэсэн хариулт өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хувьд байдал амаргүй байгаа. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцтай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь. Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно. Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлтийг бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодого барьж байна. Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг барьж болох хэмжээнд багасгаж, олон нийтэд том цохилт болж буй үнийн өсөлт, инфляцыг хязгаарлаж, зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу жилийн эцэст оруулья гэсэн зорилтоо чухалчилж байгаа гэлээ.

Ингээд 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account