А.Янжмаа: Ахмад настнууд бол хамгийн үнэтэй капитал

А.Янжмаа: Ахмад настнууд бол хамгийн үнэтэй капитал

А.Янжмаа: Ахмад настнууд бол хамгийн үнэтэй капитал

Дархан-Уул аймгийн “Ахмадын хөгжлийн төв” ОНӨУТҮГ-ын захирал А.Янжмаатай хийсэн ярилцлага.

-Дархан-Уул аймагт “Ахмадын хөгжлийн төв”-ийг шинээр байгуулах ажил хэзээнээс эхлэв, товч танилцуулахгүй юу?

–Өнгөрсөн бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат даргын санаачлагаар ахмад, эмэгтэйчүүд, залуус, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн 5 цогц төвтэй болох бодлогын ажил амжилттай хэрэгжсэн. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв /Геронтологийн төв/-ийг байгуулна” гэж тусгасны дагуу улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус төвийг барьж байгуулсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах ажлыг шийдвэрлүүлж ажилласан байдаг.

Нийт 960 м.кв талбай бүхий 4 давхар барилга. Нэг дор 50-70 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай. Барилгын ажлыг “Ноёдын туурь” ХХК-ийн зураг төслөөр “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгсөн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102 тоот тогтоолоор Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын харьяа “Ахмадын Хөгжлийн төв”-ийг бие даасан Орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар /ОНӨУТҮГ/ болгон өөрчилж баталсан байгаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэлээдгүй хүлээгдэл үүсч байсаар бараг жилийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-нд албан ёсоор нээгээд ажиллаж байна. Манай байгууллага бол ахмад настнуудад нийгмийн хөгжлийн болон эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг өдрөөр үзүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих төв юм. Эмчилгээ сувилгааны тасаг, номын сан, чийрэгжүүлэлтийн болон хооллох танхим, хурал-уулзалт-сургалтын болон эмч, ажилтны ажлын өрөөтэй. Ахмад настны амрах, алжаал тайлах, тоглож наадах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хэсгүүдтэй.

-Ажиллаж эхлээд нэг жил болж байгаа энэ төв маань ахмадуудад үйлчлэх бусад байгууллагуудаас юугаараа ялгаатай юм бэ? Яагаад “Ахмадын хөгжлийн төв” гэж нэрлэв?

Манай тэтгэвэрт гарсан ахмадуудын ихэнх нь ач, зээгээ харж хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, харин харж хандах хүнгүй, өндөр настай нь асрамжийн газар очдог. Өөр сонголт хараахан алга байна. Уул нь ахмад болно, тэтгэвэрт гарна гэдэг маань шинэ амьдрал эхэлж байгаа юм. Хөгжиж дэвших, боловсролоо ахиулах, хийж амжаагүй зүйлээ хийх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, аялах зугаалах, тоглож наадах, сувилуулж асруулах, соёл спортоор хичээллэх, өөрийгөө илэрхийлж амьдралын туршлагаа хуваалцах, нэр төртэй амьдрах гээд олон хэрэгцээ тэдэнд бий.  Ахмад настнууд бол гологдож суух хүмүүс биш. Харин ч хамгийн үнэтэй капитал. Тиймээс тэднийг идэвхжүүлэх, хөгжүүлэх, нэгтгэх, холбон зуучлах, баялаг туршлагыг нь хадгалан авч өвлүүлэн үлдээх байгууллага болж хөгжих ёстой гэж бид ярилцаад “Ахмадын хөгжлийн төв” гэж нэрлэсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн ахмадуудад зориулсан асрамж, тусламжийн газар гэж ойлгогдохоос сэргийлж, ажил үйлчилгээгээ аль болох ил тод байлгаж ирлээ. Барилга ашиглалтад ороход асрамжийн газар нээгдэж байна гэж ойлгоод Дарханы байтугай зэргэлдээх аймгуудын иргэд утасдаж асуух, ирж уулзах, настай аав ээжийгээ үлдээх гэж оролдох үзэгдэл гарч байсан. Одоо бол үйл ажиллагаа жигдрээд, ахмадууд маань үйлчлүүлж хэвшээд байна.     

-Идэвхтэй насжилтыг дэмжих төв гэж томъёолж байсан. Үндсэн чиглэл, үйл ажиллагааныхаа талаар тодруулж хэлж өгнө үү.

Дэлхий нийтээрээ хүн амын насжилт уртасч, настнуудын эзлэх хувь нэмэгдэж байгаа үед бид амьдарч байна. 70, 80, 90  настай хүмүүс нийгэмд, хүн амын дотор олширсоор байна. Хувь хүний эрүүл ахуйн дэглэм, боловсролын түвшний ахиц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, анагаах ухаан хөгжиж буйтай мөн хоол хүнсний байдалтай ч энэ бүхэн холбоотой. Гэсэн ч нас уртсах тухай ойлголт хэдэн жилээр уртсаж байгаадаа гол нь биш, энэ он жилүүдэд ахмад настны амьдралын чанар сайн байх тухай асуудал чухлаар хөндөгдөж байх ёстой. Тэд эрүүл чийрэг, өөрсдийн бие даасан байдлаа хадгалсан, бусдаас хараат бусаар амьдралаа үргэлжлүүлдэг, гэр бүлийн болон нийгмийн идэвхтэй  гишүүн нь байх ёстой юм.

2000 оноос эхлэн дэлхийн улс орнууд ахмад настнуудад зориулсан ээлтэй орчныг бүрдүүлэх талаас нь судалж, тэдэнд үйлчлэх үйлчилгээний шинэлэг байгууллагыг томъёолохоор эрэлхийлж эхэлсэн байдаг. ДЭМБ-аас 2002 онд “Идэвхтэй насжилт”-ын тодорхойлолтыг гаргаж ирсэн нь энэхүү эрэлхийлэлд ихээхэн түлхэц өгсөн гэж болно. Манай идэвхтэй насжилтыг дэмжих төв бол ахмад настнуудад сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн болон эрүүл идэвхтэй амьдралын хэвшил олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, асаргаа тусламжийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоо манлайллыг нь дэмжих үйл ажиллагааг явуулах үндсэн чиг үүрэгтэй. Бид хөгжингүй улс орнуудын шинэлэг үйлчилгээнүүдийг өөрийн орны уламжлалт соёлтой уялдуулан ахмад настны хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар нэвтрүүлэх шинэ загвар төв болохоор зорьж байна. Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа 12 мянга гаруй ахмад настны 90 орчим хувь нь өөрийн болон хамтын менежменттэй I ба II түвшний ахмад настнууд байна. Эдгээр хүмүүст  нийгмийн хөгжлийн болон эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг “Төвд суурилсан” байдлаар өдрөөр үзүүлж байна.

-Ахмадууд танай төвөөр хэрхэн үйлчлүүлэх вэ? Үйлчилгээний төрөл хэлбэр, хамрагдах хугацаа, давтамжийн хувьд ямар байдаг юм бол?

Ахмад настнууд хөгжлийн төвөөр үйлчлүүлэхэд аль болох төвөг чирэгдэлгүй байх, тэгш хүртээмжтэй байх талаас нь бид ихээхэн анхаарч байна.

Нэгдүгээрт, 5 өдрийн багц үйлчилгээг санал болгодог. Ахмадууд өөрийн амьдардаг багийн төвдөө очиж Засаг дарга юмуу Нийгмийн ажилтандаа үйлчлүүлэх хүсэлтээ хэлж бүртгүүлнэ. Бүртгүүлсэн дарааллаараа ИЛГЭЭХ БИЧИГ-ээ авснаар үйлчлүүлэх эрх нь үүсдэг. Нийгмийн хөгжлийн болон Эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг 100% үнэ төлбөргүй үзүүлнэ. Бүх багийн ахмадуудад тэгш хүртээмжтэй байх, настнуудын үйлчилгээний давтамжийг хоёр тал хамтран хянаж ажилладаг.

Хоёрдугаарт, 1 өдрийн багц үйлчилгээг санал болгодог. Байгууллагын дэргэдэх ахмадын зөвлөл, найз нөхдөөрөө 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой. Ахмадууд өөрсдөө эсвэл байгууллагаас нь өдрийн хоолны зардлыг нь төлж үйлчлүүлнэ. Ахмадуудын оролцоо давтамжийг захиалагч тал хариуцдаг.

Гуравдугаарт, өдөр бүрийн үйлчилгээг санал болгодог. Ахмадууд төрөл бүрийн сургалт, дасгал хөдөлгөөн, номын сан зэргээр үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Хоолны зардлаа хувь хүн өөрөө төлнө. Өдөр бүр өөртөө цаг гаргаж, төвөөр үйлчлүүлэх боломж бас байгаа гэсэн үг.   

-Хэд хэдэн төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг, хөгжингүй улс орнуудын шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна гэж хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг 6 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтнүүдийн баг үзүүлж байгаа. Физик эмчилгээний 28 нэр төрлийн аппарат хэрэгсэл, Уламжлалт бариа заслын бүтэн биений болон хэсэгчилсэн бариа, бумба тавих эмчилгээ, НЭМ-ийн сургалт сурталчилгаа, зөвлөмж, Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал, Алжаал тайлах иллэг бариа, үсчин гоо сайхан, усан массаж зэргээр үйлчилгээ үзүүлж байна.

Нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж үйлчилгээг 5 хүний бүрэлдэхүүнтэй нийгмийн ажилтнууд зохион байгуулдаг. Настнуудын хөгжлийг үнэлж, оношлон хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулна. Урлал засал, Урлаг засал, Тоглоом заслын хичээлүүдийг зохион байгуулах, ганцаарчилсан, хосын, гэр бүлийн, бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх, сэдэлжүүлэх, чадавхжуулах, хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулах, номын сан, хоол үйлдвэрлэл, лавлагаа мэдээлэл, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Ер нь бол Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгааллын салбар дундын уялдааг хангаж ажиллах байгууллага гэж ойлгож болно. Цаашид олон нийтийн оролцоонд түшиглэсэн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж орон нутаг дахь ААНБ-уудын хамтын ажиллагааг уялдуулсан загвар сүлжээг бий болгон ажиллахыг зорьж байна.

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн тусламж үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэлт, хамтын ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл өгөөч?

ХНХЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээг ахмад настанд шинэлэг хэлбэрээр хүргэх нь” техник туслалцааны төсөл хэрэгжиж байгаа. 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийн хүрээнд стратегийн болон бизнесийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдээ боловсруулж дууссан. Цаашид үйлчилгээ бүр дээр нэг бүрчлэн ажиллахаар төлөвлөөд байна. Азийн хөгжингүй 6 орны идэвхтэй насжилтыг дэмжих төвийн эмч мэргэжилтнүүд, Олон Улсын зөвлөхүүд онлайнаар зөвлөн тусалж, мэргэжил арга зүйгээр хангаж байна. Ерөнхий утгаараа төр, хувийн хэвшлийн бүх ААНБ, иргэд болон ахмад настнууд өөрсдөө өргөн оролцоотой байхыг олон нийтийн оролцоо гэдэг. Манай төвийн хувьд 12 ААНБ, 16 сайн дурын ажилтантай хамтран ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Цаашид оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа.

Мөн аймгийн ГХУСАЗЗ-ийн дэмжлэгтэйгээр “Ахмад настны эрхийг дээдэлье” төслийг хэрэгжүүлж байна. Мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас эрх нь зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх үзэгдэл настнууд дунд байсаар байна. Нэг жилийн хугацаанд хэрэгжих уг төсөлд холбогдох байгууллагын ахмад экспертүүдийг татан оролцуулж, Зөвлөх багийг бүрдүүлсэн. Дархан, Орхон, Хонгор Шарын гол сумын бүх багаас ахмадуудыг сонгон авч Сургагч багш нарыг бэлтгэлээ. Манай төвөөр үйлчлүүлж байгаа бүх ахмадуудад эрх зүйн мэдлэг олгох, мэдээллээр хангах  сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Дараагийн шатанд баг бүрийн ахмадуудад танхимын сургалтыг зохион байгуулахаар бэлдэж байгаа.  

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэй цувралаар хэрэгжиж байгаа “Цахим төв” төслөөр шилэн кабель татаж, интернэт кафе байгуулсан. Энэ эхний алхамаар “Цахим цагаан толгой” бичил төслийг хэрэгжүүлж компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан. 2 дахь алхам “Цахим ном” төслөөр үргэлжилж байна. Компьютерт татаж унших ном, сонсох ном, 3D номуудыг нэвтрүүлсэн. Цаашид цахим төв болох төслийн хүрээнд цахим танхимыг байгуулах, Call center үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

-Танай хамт олон цаашид өөр ямар ажил үйлчилгээг шинээр төлөвлөж байна вэ?

Цаашид бид төвд суурилсан үйлчилгээнд хамрагдаж чадахгүй үлдэж байгаа бусдын менежементтэй III түвшний ахмадууддаа хүрч үйлчлэх “Явуулын үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлэх, тусгай тоноглол бүхий автомашинтай болох хүсэлтээ аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал болон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. Удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байгаа. Энэ үйлчилгээ нэвтэрснээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа байнгын асаргаанд байдаг ахмадууддаа бүрэн хүрч үйлчлэх боломж бүрдэнэ.

Цахим танхим байгуулж Телемедицины үйлчилгээг нэвтрүүлэх, мөн тэтгэвэрт гарахын өмнөх ба дараахь сургалтуудыг зохион байгуулахаар хөтөлбөр төлөвлөгөөн дээрээ ажиллаж байна.

-Үйл ажиллагаа эхэлснээс хойш хичнээн төрлийн сургалтад ахмадууд хамрагдав? Танай хамт олон нийт хэдэн хүнд хүрч үйлчилсэн байна вэ?

Иог бясалгалын сургалтад 185, Англи хэлний сургалтад 112, Монгол бичгийн сургалтад 155, Компьютерийн сургалтад 132, Хөрс боловсруулах, мод, цэцэг, хүнсний ногоо тарих сургалтад 57, Нэхмэл болон гоёл чимэглэл, урлалын сургалтад 74, хөгжлийн сургалтуудад 800 гаруй, хууль эрх зүйн сургалтуудад 1100 орчим ахмад настан хамрагдаж мэдлэг чадвар, боловсролоо ахиулан өөрийгөө хөгжүүлсэн байна. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 11 мянган гаруй ахмад настанд нийгмийн хөгжлийн болон эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлээд байна.  

-Та Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, нийгмийн идэвхтэй хүнд олон сонгуульт ажил байдаг даа. Өөр ямар ямар сонгуульт ажилтай вэ?

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, за бас жижиг сажиг сонгуульт ажлууд олон бий.

-Таны бодлоор Ахмадын хөгжлийн төвийг хөгжүүлэхэд цаашид зайлшгүй анхаарах ёстой зүйлүүд юу байна вэ?

Нэгдүгээрт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай. Насжилт, насжилтын эмгэгч судлаач эмч, мэргэжилтнүүд, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, сэтгэл засалчдыг бэлтгэх. Хоёрдугаарт, Ахмад настанд сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх стандартыг боловсруулах. Гуравдугаарт, хууль эрх зүйн баримт бичгүүдийн уялдааг хангаж, нэмэлт өөрчлөлтүүдийг тусгах, хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллах шаардлагатай. Эдгээр ажлуудыг эхлүүлж, эрчимжүүлбэл бусад аймаг дүүргүүдэд ийм төвүүд нээгдэж ажиллахад маш том дэмжлэг болно. Хүндээ хүрсэн, өгөөжтэй  ажил болно гэж боддог.

cэтгэгдэлүүд
  • яг үнэн ш дээ. Хөгшрөхгүй юм шиг аашилдаг малнууд уншаасай

  • Амжилт хүсье

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account