Аюул дагуулсан цахилгаан шат ба амьд явах эрх!

Аюул дагуулсан цахилгаан шат ба амьд явах эрх!

Аюул дагуулсан цахилгаан шат ба амьд явах эрх!

Улаанбаатарт орон сууцнуудаас их юм алга. Гэхдээ барилгажилтыг дагаад чанар, аюулгүй байдал гэдэг амин чухал шаардлага дагаад үүсдэг. Үүний нэг нь цахилгаан шатны асуудал юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд нийт 1200 цахилгаан шатны 800-гийнх нь ашиглалтын хугацаа дууссан талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Үүний мөрөөр холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авсныг хэн ч мэдэхгүй. Өнгөрөгч гурван жилд 16, түүнээс ч дээш давхар барилгууд олноор баригдав. Харамсалтай нь цахилгаан шатны осол аваар тасарсангүй. 2020 оны 8 дугаар сарын 27-нд “Залуус” хороололд цахилгаан шат унаж хоёр хүн гэмтсэн, 2022 оны 1 дүгээр сарын 27-нд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нэгэн орон сууны цахилгаан шатны хонгил руу гурван настай хүү унаж эндсэн… Дурдахаас зүрх шимширмээр тохиолдлууд дахин дахин гармааргүй байна! Ийм эмгэнэлт явдлуудыг өглөө бүр санаж анхаарч ажиллах ёстой! Мэргэжлийн хяналтынхан байнга хяналт шалгалт хийж, СӨХ-ныхон ч ажилдаа хариуцлагатай хандмаар байна. Хүний амь настай холбоотой маш том асуудал шүү дээ! Зарим хэвлэлүүд чанаргүй цахилгаан шатыг “Эрлэгийн үүд” гэж нэрлэсэн нь хатуудсан болохгүй.

2019 онд “Улаанбаатар таймс” сонинд нийтлэгдсэн “Аюул дагуулсан цахилгаан шат” асуудал хөндсөн өгүүллийг дахин сануулах үүднээс нийтлэв.

Аюул дагуулсан цахилгаан шат

Одоогоор ажиллаж байгаа 1200 цахилгаан шатны 800-гийнх нь ашиглалтын хугацаа дууссан болохоор ийн хэлсэн юм. Улсын нийслэлд байгаа үзмэрт тавихаар болсон эдийн жагсаалтыг хуучирч муудсан цахилгаан шат нэгээр нэмэх биз. Эль 1980-аад оны үед ашиглалтад орсон цахилгаан шатнууд үзмэр байхаас яах билээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яам, БНСУ-ын техник хамтын ажиллагааны нийгэмлэг /KOICA/-т санал тавьж KESI / БНСУ-ын лифт, эсклаторын аюулгүй ажиллагааны институт/-ээс мэргэжилтэн ирж Монголд ашиглаж буй лифтнүүдийн аюулгүй ажиллагааны байдалд судалгаа хийжээ. Аюулгүй ажиллагааны норматив, баримт бичгийн боловсруулалт, баталгаажуулалт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны бодит байдал дутагдалтай хэмээн дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, лифтийн засвар, үйлчилгээний систем орхигдсоноос техникийн байдал эрс муудсан тухай дурдсан байна. Арга ч үгүй биз. ОХУ-д 1990 оноос өмнө үйлдвэрлэсэн лифт, крануудын сэлбэг олдохоо больж, материалын үнэ өссөн шүү дээ.  

Үнэндээ хуучирч муудсан цахилгаан шатны тухай таагүй яриа чих дэлсэх нь элбэг. Цахилгаан шат нь ирээгүй байхад хаалга нь онгойсноос хүүхэд унаж нас барсан жишээ саяхных. Лифтэнд гацаж, амьсгаа хураахдаа тулж арай гаж амь мултарсан хүмүүс Улаанбаатар хотод олон байгаа. Ядаж байхад лифтийг оношлох, ашиглалтын хугацааг үндэслэлтэй тогтоодог мэргэжлийн лабортори манайд байхгүй. Зөвхөн гадна үзлэг хийснээр шалгалт хязгаарлагддаг болохоор цахилгаан шатны “Эрүүл мэнд’ ийнхүү доройтож буй. Уг нь олон улсад цахилгаан шатыг байшин доторх байгууламж гэж үздэг юм билээ. Аюулгүй ажиллагааг бүх талаар баталгаажуулж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжлийн байгууллага ажиллана. Хэдэн давхар барилга вэ гэдгээс шалтгаалаад лифт мэдээлэл өгөх, зарим нь бүр сууж тухлах, алсыг харах гээд олон төрөлтэй. Эвдрэл, саатал гарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авахад бүрэн тоноглогдсон байдаг аж. Цахилгаан шаттай байшин бүрт лифтчин ажиллаж, эвдрэл гарсан даруйд засварлаж, техник үйлчилгээг тогтмол хийж байдаг. Түүнчлэн даац металл хийцүүд, механик чанар ба химийн бүтэц, цуцалт, гагнуурын чанар, цахилгаан ба микропроцессорын удирдлагын төхөөрөмжүүд, зам төмрийн техникийн байдлыг байнга тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч байдаг аж. Гэтэл манайхан одоо болтол энэ бүхнийг тодорхойлж чадахгүй л суугаад байгаа нь Улаанбаатарт өнгө муутай, өвчтэй цахилгаан шат өнө удаан орших үндэс суурь болсон биз. Өөрөөр хэлбэл бусад орнуудад ашиглалтын хугацааг шинэчлэн тодорхойлдог аргачлалд /РД10-112-96/ заасан анхан, давтан, ээлжит бус оношилгоонууд манай улсад огт хийдэггүй байна.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2003 оноос эхлэн ашиглалтын хугацаа дууссан лифтүүдийг улсын төсвийн хөрөнгөөр солих санал тавьснаар 2007 онд 16, 2008 онд 30 ширхэгийг шинээр суурилуулжээ. Ашиглалтын хугацаа дууссан 800 лифттэй улсад энэ нь даанч бага тоо. Монгол Улсын хүн амын таван хүн тутмын хоёр нь Улаанбаатарт байнга оршин суудаг гэдэг. Тэгвэл 2008 оны байдлаар нийслэлийн нийт өрхийн 60.6 хувь нь гэр хороололд, 39.4 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон 2500 байшин Улаанбаатарт байна. Эдгээр байшингын тал хувь нь цахилгаан шаттай гэхээр нийслэлчүүдийн нилээд хувь нь ажил амьдралаа цахилгаан шатаар залгуулж байгаа нь тодорхой. Байдал ийм байхад оношлогоо хийх 1,2,3 дугаар зэргийн сургагдсан оношлогоо одоо болтол байхгүй нь жинхэнэ эмгэнэл биш гэж үү!?

cэтгэгдэлүүд
  • мэргэжлийн хяналт, СӨХ хоёр сайн ажиллах ёстой!

  • барилга барьж байгаа хүмүүс чанартай лифт тавихад анхаараачээ!!!

  • ёстой үнэнийг бичиж

  • шалгалт хийгээчээ

  • төр засаг анхаар!!!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account