Хүнс эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна

Хүнс эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна

Хүнс эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.   

    Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар  зүйлийн 3-т “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар мэдээлэл (бүрэн эхээрээ эндээс)хийлээ. 

   Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлснээ төрийн тэргүүн мэдээллийнхээ эхэнд онцлоод дээрх 10 зорилтын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Улсын Их Хурлын чуулганд оролцож байна гэв. 

    Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцолсон. 

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсаныг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ  50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авсныг дурдав.

    Мөн тэрбээр, монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

    Тэрбээр, ганцхан жишээ дурдахад л олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Энэ манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо.   Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байна гэлээ.

Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна. Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна. Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгойлон анхааруулсан.    

    Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт төрийн зүгээс үзүүлсэн дэмжлэг тийм ч бага байгаагүй. Харин бодит үр дүн, ахиц дэвшил ямар байгааг та бүхэн дор бүрнээ тунгаан бодож, эргэцүүлэн дүгнэх нь зүйтэй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй” гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга, хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож,  тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийхийг уриалаад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч  мэдэгдэв.

    Энэ хүрээнд суурь шинэчлэлүүдийг хийхэд анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулсан. 

1.Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлан гаргах;

2.Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх; 

3.Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;

4.Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох; 

5.Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох;

6.Суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, уур, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх; 

7.Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх; 

8.Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоо бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах; 

9.Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;

10.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн аж ахуйнууд байгуулах, суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь нэн чухал байна.

  Дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр иргэдээ хүнсээр бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амьжиргааг дэмжих боломж бүрдэнэ гэв.

Тэрбээр,“Хөтөлгөө морьтой хүн хол явдаг” гэж монголчууд ярьдгийг тодотгоод уул уурхайн баялгаас гадна, өсөн үржиж, урган арвиждаг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү гарцгаая. Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна. Энэ том зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон ард түмэн онцгой чухал үүрэгтэй байгааг дурдлаа.

    Мөн хаврын тариалалтын эхэн үед Улсын Их Хурлын хаврын чуулганд төрийн тэргүүн биечлэн оролцож, дээрх асуудалд та бүхний анхаарлыг онцгойлон хандуулж, Улсын Их Хурал, Засгийн газрыг өндөр хариуцлагатай ажиллахыг сануулаад улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийх томоохон зорилт дэвшүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх санал дэвшүүлсэн нь гадаад, дотоод байдлын нэн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглэв. 

    Сүүлийн гурван жил үргэлжилсэн цар тахал, олон улсын хурцадмал байдал, Орос, Укрианы нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий даяар хүнсний хомсдолд орох эрсдэл үүсэж, хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болсон энэ цаг үед хаврын тариалалт өрнөж байна. Тиймээс нэгэнт бэлэн байгаа боломжоо ашиглаж, хүч хөдөлмөрөө нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилга, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 1.5.11, Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3-т гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, импортыг орлох болон экспортыг дэмжих талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, эрүүл органик хүнс экспортлогч улс болох зорилгын төлөө монгол хүн бүр аж ахуйн нэгж, байгууллага болон ялангуяа УИХ, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд хичээн чармайн ажиллахыг уриаллаа. 

    Мөн тэрбээр гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг дэмжихийн тулд таван чиглэлээр үүрэг өгч байгаагаа мэдэгдэв. 

1.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ чиглэлээр санаачилсан хууль тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй, шуурхай шийдвэрлэж, үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх, нэн яаралтай горимоор Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэн батлах шаардлагатай байна. 

2.Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны 5 шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчны давхардлыг арилган, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын үед боловсруулан батлуулах, мөн энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай эцэслэн боловсруулж, ирэх 7 хоногт хэлэлцэн батлуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хамтран ажиллах чиглэлийг өгч байна.

3.Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг боловсруулан хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, санаачилгатай ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгаж байна.

4.Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц тогтолцоо бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, холбогдох яамдтай хүчээ нэгтгэж, асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй.

5.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин өрнүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурлын Ажлын хэсэг, шаардлагатай бол Түр хороо байгуулан ажиллуулах боломжтой гэж үзэж байна хэмээв.

УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрчимт хөгжил, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэж,  хамтдаа зүтгэцгээхийг уриаллаа.

 Хуралдаан Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

   Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул төслийн хэлэлцүүлэг гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Ганбат, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ч.Ундрам, Б.Баярсайхан нарын асуултад Засгийн газрын гишүүд хариулснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account